Sunday, March 27, 2011

Hvnnv gvrenii tuhai

Монгол нутагт оршин суусан элдэв аймаг, бүр МЭӨ хоёрдугаар мянган жилийн үед Хятад оронтой хэлхээ холбоотой байсан тухай товч мэдээ Хятад сурвалж бичигт бий. Их гүйцэд мэдээ гарах болсон нь МЭӨ 4-3 дугаар зууны үе бөгөөд тэр үед Хятадын хойд хязгаарт Хүннү, Дунху гэдэг аймгийн хоёр холбоо бүрэлджээ.
МЭӨ III зууны сүүлчээр Монгол нутагт Хүннү аймгуудыг нэгтгэсэн хүчирхэг улс байгуулагджээ. Түүний үндэслэгч нь Түмэн шаньюйн хүү Модун байв. Тэрээр эцгийн Хятадад алдсан ордос нутгийг эргүүлэн авчээ. Мөн умард зүгийн нүүдэлчин олон аймаг дин-лин, зүүн хөрш дүн-ху нарыг удаа дараагаар нэгтгэн, баруун зүгийн аймгуудыг довтолж байжээ. Модун шаньюйн үед Хүннү гүрний шинжтэй болж Хан улстай эн зэрэгцэх болжээ. Модун МЭӨ 200 онд хятадын 300 мянган цэргийн довтолгоог няцаан Хан улсын хаан Гаоди-ийг (206-194) Пинчин хот (одоогийн Дайтун) орчимд долоо хоног бүслэн байлдаж, Хүннү нар энэ тулаан Хан улсаас эрс хүчтэйгээ харуулжээ.
Үүний дараа МЭӨ 198 онд Хан улс Хүннү улстай найрамдлын гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээ ёсоор Хан улс, Түмэн газрын Цагаан хэрмээс хойшхи газрыг хүннүгийн хаан захирахыг хүлээн зөвшөөрсөн ба хэрмээс урдахь хэсгийг Хан улсын хаан захирахыг Хүннү улс мөн зөвшөөрчээ. Энэ тухай Хан улсын нэгэн айлтгал бичигт: " Урт хотоос (Цагаан хэрэмээс) хойш нум сум барьсан улс Шаньюйн цаазийг дагасугай. Урт хотоос дотогш дээл малгайт улсыг би захирсугай " гэж Хан улсын хаан хүлээн зөвшөөрсөн гэжээ. Үүнээс гадна Хан улс жил бүр Шаньюйд алт, магнаг торго, тариа будаагаар алба барих үүрэгтэй болжээ. Ийнхүү Хан улс 50-иад жилийн турш Хүннүд алба барьж байжээ.
Хүннү нар улсаа баруун, зүүн, төв гэж 3 хуваасан. Төв хэсгээ шаньюй өөрөө захирч зүүн баруун гарт нэжгээд ванг томилон захируулснаас гадна тэдгээр нь түмт, мянгат, зуут, аравтат хуваагдана. Хүннү улсад 24 том түшмэл буюу түмтийн дарга байсан байна. Модун шаньюйн үед Хүннү гүрний нутаг дэвсгэр өмнө зүг цагаан хэрэм, ордос нутаг, умард зүгт Байгаль нуур, баруун зүгт Ил тарвагатай, Синьзян, дорно зүгт хойд Солонгос хүртэл уудам их болжээ.

 Хүннү гүрний уналт
Хүннү гүрэн эдийн засгийн нэгэн бат бах суурин дээр үүсэж тогтсонгүй, харин хүннүгийн язгууртан нарын зэвсгийн хүчээр нэгтгэсэн, хоорондоо холбоо хэлхээ султай, нийгмийн янз бүрийн шатанд байсан аймгуудийн хэврэг нэгдэл байжээ. Ийм учраас Хүннү гүрэн удаан хугацаагаар оршин тогтнож чадсангүй. Зэвсгийн хүчээр нэгтгэсэн олон аймаг хүннүгийн захиргаанаас гарахыг тэмүүлэн ямагт тэмцэл хөдөлгөөн өрнүүлж байсанаас гадна, хүннүгийн язгууртаны дотор эрх мэдлээ булаацалдсан тэмцэл улам хүчтэй өрнөж байв. Энэ нь Хүннү улс задрахын бас нэгэн шалтгаан болжээ.
Хан улс өөрийн умард хөршийн байдал ийнхүү тохигүй болсныг ашиглан түүнийг сулруулах, бүр мөсөн бут цохих арга явууллагыг улам идэвхтэй эхэлжээ. Үүний нэг жишээ нь МЭӨ 140-86 он хүртэл Хан улсын төр барьсан У-ди хааны үед Хүннүг ганцаардуулах нарийн боловсруулсан бодлогыг гурван чиглэлээр явуулжээ. Түүний1-рт: Хүннү нарыг ордос нутгаас хойш хөөж, тэнд "Таван харьяат улс" гэгч нэрийн дор нүүдлийн иргэдийг авчран суулгаж, хүннүгийн өмнө захын үржил шимтэй хэсэг нутгийг халхавч болгон хувиргажээ. "Түүний сайн эн тариаланг булаавай" гэж Хан улсын нэгэн сайд хаандаа айлтгаж байснаас үзэхэд хүннү нарыг газар тариалангийн гол нутгаас нь салгасан ажээ.
Хан улс Хүннүгийн зүүн хөрш Солонгосийг дайлж, Хүннү, Солонгосын хэдэн халхавч газрыг байгуулж, Хүннү улсын зүүн этгээд мөрийг тасалжээ. Мөн Хүннүгийн баруун талд байсан Фергана хавийн хавийн Давань улсыг Хан улс эзлэн Дорнод Туркстаныг дайлж Үсүнь нартай холбоо тогтоож "Хүннү улсын баруун мөрийг..." тасалжээ. Энэ бодлогийн үр дүнд "Шаньюй сая ганцаар болоод говиос хойш газарт хол зайлж дөрвөн хязгаарт хэрэггүй болов" гэж мөнхүү сайд айлтгалдаа бичжээ. МЭӨ 50 орчим онд хүннүгийн язгууртаны тэмцэл улам хурцдаж нэгэн зэрэг таван шаньюй сууж дотоодийн самуун улам даамжирч, нэгдэл нь суларч, задарч байжээ. Энэ үед хүннүгийн язгууртаны дунд үзэл бодлын Хятадад дагаар орох, тусгаар тогтнолоо хамгаалах гэсэн хоёр урсгал гарч, эдгээр урсгалыг ах дүү Чжи-чжи, Хуханье толгойлж үүний үрээр МЭӨ 53 онд хоёр хэсэг болон бутарч Хуханье тэргүүтэй хэсэг нь Хан улсын харьяат болж говийн урд гарч Цагаан хэрэмийн араар нутаглах болжээ.
Чжи-чжи тэргүүтэй хэсэгт хүннүгийн ихэнх нь байсан боловч Хан улс ба Хуханьегийн цэргийн довтолгоонд байнга нэрвэгдэн шахагдсаар байсан тул Чжи-чжи шаньюй сүүлдээ зөвхөн өөрийн харьят цэрэг ардаа авч баруун зүг нүүдэллэж Алтайн нуруу хавиар нутаглаж, Хүннү улсын харьяанд урьд нь байсан Гяньгүнь зэрэг аймгуудыг дахин өөртөө нэгтгэн авчээ. Тэгээд Үсүньтэй удаа дараа байлдаж байсан Кангюй улстай холбоо тогтоож Үсүнь ба Хятадын өнгөлзөлийн няцааж байжээ. Мөн үед Хан улс Хүннү улсыг бүрмөсөн устгах зорилгоор дайтаж, уг тулаанд Чжи-чжи алагджээ. Түүний харьяат Хүннү нар алс өрнө зүгт зайлан нүүхэд хүрсэн нь IV-V зууны "Их нүүдэл" хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн том үйл явдлын эх үүсвэр нь болжээ. Хан улсын хараат, Цагаан хэрэмээс өмнө нутаглаж байсан Хүннү нар Хан улсын элдэв бодлогийн эсрэг тэмцэл өрнүүлж, улмаар хоорондоо зөрчилдөн дотроо Өрнөд Хүннү Умард Хүннү гэж хоёр хэсэгт хуваагджээ.
Өрнөд Хүннү говиос ургаш нутаглаж, Хятадын хараат улс болжээ. Харин Умарт Хүннү тусгаар байдлаа хадгалж үндсэн нутагтаа үлджээ. МЭ 37 онд Умарт Хүннүгийн 58 аймаг Өмнөд Хүннүд дагаар орж Умарт Хүннүгийн байдлыг улам доройтуулав. Энэ байдлыг Хан улс ашиглан Өмнөд Хүннүтэй хүч хавсран урд талаас нь довтолж, урьд хүннүгийн захиргаанаас нэгэнт гарсан сяньби, дин-лин, үсүн зэрэг аймгууд зүг бүхнээс нь хавсран цохижээ. Умарт Хүннүгийн зарим хэсэг нь баруун зүг нүүж, гол хэсэг нь МЭ 93 онд сяньбид эзлэгдэн тус улсын харьяанд оржээ. Ийнхүү 300 гаруй жил төв азид ноёрхож байсан Хүннү гүрэн мөхжээ. Хүннү гүрэн нь монгол аймгуудыг нэгтгэсэн Төв Азийн хүчирхэг улс байсан бөгөөд түүний нийгэм, улс төрийн хөгжил, соёл, ахуй амьдалд гарсан ололт дэвшилтүүдийг хүннүгийн дараа Монголд ноёрхолоо тогтоож байсан олон аймаг улсууд уламжлан авчээ.

No comments:

Post a Comment