Монголын түүхийг гуйвуулах “Хүннү гүрний ой”
Хүннү нар угсаа гарвалын хувьд Монголчуудтай хамааралгүй гэх үзэл өнөөг хүртэл ноёлж иржээ. Үнэндээ, энэ үзэл алс холын харь улсын түүхэнд нэр нь үлдсэн ард түмний түүхийг тодруулах оролдлогоос эхтэй ажээ. Манай тооллын 4 дүгээр зууны сүүлээр Хүн буюу Гунн (Hun) хэмээн нэрлэгдсэн харгис байлдан дагуулагчид Дорнод Европоос нүүдэллэн ирж, Ромын эзэнт гүрнийг ганхуулсан гэж европын түүхэнд бичигддэг. “Бүдүүлгүүд” гэгдэх энэ хүмүүсийн угсаа гарвал их бүрхэг. Тэд хаанаас гаралтай, ямар хэлээр ярилцаж байсан талаар тоймтой баримт олдолгүй өнөөг хүрчээ. Харин, тэд антропологийн хувьд европ төрхтөн байв. Тэднээс гадна манай тооллын 5-6 дугаар зуунд өнөөгийн Афганистан, Пакистаны нутагт тогтнож байсан Эфталит буюу Цагаан Хүн нарын улсын тухай түүхэнд гарч ирдэг. Тэдний угсаа гарвалын асуудал их маргаантай. Гэхдээ, европ төрхтөн Цагаан Хүн нар Иран хэлтэн хүмүүс байж болох баримт олддог байна. Одоогоос 200 гаруй жилийн өмнө Жосеф де Гигн гэгч хятад судлаач Франц эрдэмтэн Европын Хүн нарыг эртний Хятадын умард хөрш нүүдэлчин Сюннү буюу Хүннү (Xiongnu) нартай холбохыг оролджээ. Чухам энэ санаа хэн нь мэдэгддэггүй Хүн нараар дамжуулан Хүннүгийн түүхийг судлах сэжүүр болсон байдаг юм.
Хүн нарыг Хүннүтэй холбож болмоор байдаг. Хүн нар Европт гарч ирэхээс 300 шахам жилийн өмнө Монгол нутагт Хүннү нар дайснууддаа ялагдаж, бутарч саринасан тухай эртний хятад сурвалжид өгүүлжээ. Энэ мэдээг үндэслэн, нутгаа орхин гарсан хэсэг Хүннү нар өрнө зүгийг чиглэн нүүдэллэх замдаа өөр овог аймгийг өөртөө нэгтгэсээр, улмаар Европ хүрсэн гэх таамаглал үүсчээ. Хүн нар Хүннү нартай адил нум агссан морьт дайчид байсан гэдэг нь дээрх таамгийг илүү үнэмшилтэй болгосон байна. Энэ таамгаас үүдэн 5 дугаар зуунд өнөөгийн Пакистаны баруун хойд нутагт гарч ирсэн Цагаан Хүн хэмээх нүүдэлчид ч Хүннү нараас гаралтай байх гэж тайлбарлах болжээ. Сэтгэл хөдөлгөм түүхэн өгүүллээрээ алдаршсан Лев Гумилёв энэ таамгийг өлгөн авч Хүннү нар Азиас Европт хэрхэн нүүж очсон тухай нүдэнд харагдтал дүрслэн бичсэн байдаг.
Гэхдээ, энэ таамгийг дэвшүүлэхтэй зэрэгцэн түүнийг няцаах судлаачид цөөнгүй байв. Тус таамагт Хүннү нар Монголоос нүүж, хэрхэн Европ хүрсэн талаарх 300-аад жилийн үйл явдлыг гэрчлэх баримт орхигддог ажээ. Үнэндээ, энэ таамаглал нотлогоо, баримтад суурилахаас илүү, нум саадагт нүүдэлчин үндэстэн гэдгийг, мөн угсаатны нэрийн ижил төст дуудлагыг нь иш болгон 300-аад жилийн зайтай хоёр үйл явдлыг холбосон логик дээр л тогтдог. Хүннү нарыхтай төстэй Хүн нум баримт мөн боловч, тухайн үед ийм зэвсэг хэрэглэдэг Иран хэлт дайнч нүүдэлчин аймгууд Дорнод Европоос Өмнөд Ази хүртэлх уудам нутагт хөлхөлдөж байсан гэх эсрэг баримт гарч ирдэг байна. Угсаатны нэрийг тайлбарлах тухайд ч бэрхшээл байдаг. Хүн ба Хүннү гэх төстэй дуудлагатай нэр аргагүй анхаарал татдаг боловч, нэрийн ойролцоо дуудлага баттай нотолгоо болж чаддаггүй. Хоёр өөр угсаатан эндүүрлээс болж ижил нэртэй болсон, эсвэл угаасаа төстэй нэртэй байх тохиолдол бишгүй ажээ. Дашрамд хэлэхэд, энэ нийтлэлийг бичигч нь дээрх таамгийг буруутгадаггүй. Таамаглал бол байх ёстой зүйл. Харин, шинжлэх ухаан таамаглалыг баримтаар нотлохыг л шаарддаг.
Дээрх логик буюу таамгаас урган гарсан түүхэн тайлбарууд Монголд амьдарч байсан Хүннү нар өнөөгийн ази төрхтөн Монголчууд бус, харин Хүн болон Цагаан Хүн нарын адил европ хүмүүс байсан гэх үзэлрүү хөтөлжээ. Тодруулбал, энэ нь Хүннү нар европ төрхтэй Түрэг, цаашилбал Иран, Фин, Угор, Славян гаралтай хүмүүс байсан гэх үзлийн суурь болсон байна. Эдгээрээс гадна, Хүннү нь олон үндэстний гүрэн байсан гэх нэг онол байх ажээ. Гэхдээ, тус онолоор Хүннүг захирч байсан язгууртан аймаг нь цагаан арьстнууд байсан гэнэ. Үнэндээ, энэ онолоос арьс өнгөний үзэл ханхалдаг юм. Ялангуяа, 19-20 дугаар зууны зааг үе дэх Оттоманы эзэнт гүрний сүйрэл, Еврази дахь Оросын эзэнт гүрний өргөжин тэлэлт зэрэг үйл явдлууд Хүннү нарын угсаа гарлыг европ төрхтөн хүмүүстэй холбон тайлбарлах үзлийг улам гааруулжээ. 20 дугаар зууны эхэн үеэс Оросын судлаачид Монголд ирж Хүннү нарын дурсгалыг судалж эхэлсэн байна. Социализмын үед Монгол дахь Хүннүгийн дурсгалыг Зөвлөлтийн эрдэмтэд л голлон судалжээ. Зөвлөлтийн судлаачид Хүннү нар өнөөгийн Монголчуудтай угсаа гарвалын холбоогүй гэдэг байр суурь дээр хөдлөшгүй зогсдог байсан юм. Тэд хүннү нарыг Түрэг, эсвэл Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан аль нэг үндэстэнтэй холбон тайлбарладаг байв.
Хүннү судлалаар мэргэшсэн ганц Монгол түүхч гэж хэлж болох хүн Гүнжийн Сүхбаатар байв. Үүнийг хэлж буйн учир гэвэл, Зөвлөлтийн судлаачидтай цуг археологийн шинжилгээ хийдэг байсан Монгол археологчдын бүтээл голдуу Хүннү нарын дурсгалыг бүртгэн тодорхойлохоос биш нарийн задлан шинжлээгүй байдаг. Харин, Сүхбаатар Хүннүгийн угсаа гарвалыг тусгайлан судалжээ. Энэ эрдэмтэн Хүннүгийн тухай гол эх сурвалж болох эртний Хятадын түүхэн бүтээлүүдийг судлахад олон жил зарцуулсан юм. Сүхбаатар Хүннү нарын угсаа гарвалын талаарх мэдээ болон ёс заншил, итгэл бишрэл, хэл, аж ахуй зэрэг нийгэм-соёлын талаарх баримтуудад үндэслэн Хүннү нар Монголчуудын эртний өвөг байсан гэж үзжээ. Харин, түүний бичсэнээр Хүн ба Хүннү нар антропологийн хувьд ч, нийгэм соёлын талаар ч хоорондоо холбоогүй байсан. Жишээ нь, тэдний зан үйл их ялгаатай байв. Европын Хүн нарт байсан гашуудахдаа нүүрээ зүсэх гэх мэт ёс заншил Хүннү нарт огт байгаагүй ажээ.
Хүннү нар ямар хэлээр ярилцаж байсныг мэдэх баримт өнөөг хүртэл олдоогүй. Энэ нь Хүннүгийн түүхийн судалгаанд хоосон зай бий болгодог. Үүнд дөрөөлөн Хүннү нарын үед Монгол хэл үүсээгүй байсан буюу тэд Монгол, Түрэг, Тунгус хэлний өвөг болох алтай хэлтэн байсан, эсвэл Хүннү гэдэг нь олон үндэстнээс бүрдсэн овог аймгийн холбооны нийтлэг нэр байсан гэх мэтээр тайлбарлан сурталчлах болжээ. Энэ нь их өрөөсгөл юм. Хэлний талаарх баримт олдоогүй явдал Хүннү хэл эртний алтай хэл, эсвэл Хүннү олон үндэстний улс байсан гэх шалгаан огт биш. Энэ таамаглал эргээд Хүннү нар нийтлэг алтай хэлтэй байсан, эсвэл тэд олон янзын хэлээр ярилцдаг байсан тухай баримт нотолгоог л шаардана. Харин, Сүхбаатар Хятад сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн цөөн тооны Хүннү үгийг дуудлага ба утгаар нь Монгол үгтэй холбон тайлбарласан байдаг.
Сүхбаатар Хүннүгийн түүхийг судлахдаа хэт нэг талыг барьжээ гэж ярих хүмүүс байдаг. Гэвч, энэ эрдэмтэн Хүннү нарын түүхийг санаан зоргоор тайлбарлаагүй болохыг сүүлийн үеийн үйл явдлууд сануулж байгаа юм. Тухайлбал, хэлний түүхийн судалгаанд гарч буй өнөөгийн хандлага анхаарал татдаг. Сүүлийн үед барууны цөөнгүй хэл судлаач алтай овгийн хэлний таамгийг шууд няцаах буюу түүнд эргэлзэх болов. Алтай гэгдэх хэлнүүдэд индо-европ, семит гэх мэт баттай тогтоогдсон овгийн хэлнүүдэд байдаг шиг генетик холбоо байдаггүй байна. Нэгэн зүйлийг тун энгийнээр хэлбэл, Манж хэлэнд тааралдах Монгол хэлтэй ижил төстэй зүйлс Манж ба Түрэг хэлний хооронд байдаггүй. Хэрэв энэ гурван хэл нэг гаралтай бол тэдний хоёр хэлний хооронд буй ижил зүйлс гурав дахь хэлэнд мөн тааралдах ёстой ажээ. Иймд, Түрэг-Монгол, эсвэл Монгол-Тунгус хэлэнд буй ижил төст зүйлс тэдгээр хэл нэг гаралтай байснаас бус, харин зэрэгцэн оршиж харилцан зээлдсэний үр дүнд бий болжээ. Энэ нь газар зүйн хувьд Монгол аймгууд Түрэг, Тунгус хэлтэн аймгуудын хооронд удаан амьдарч буйн илэрхийлэл бололтой. Алтай хэлний таамгийг баримтлагчид үүнийг сөргүүлэн алтай хэлнүүд маш эртнийх учраас бие биенээсээ холдсон гэх зэргээр тайлбарлахыг оролддог байна. Гэвч, алтай хэл үүссэн он цагийн асуудал төвөгтэй, дээр нь алтай хэлний таамгийг дэмжигчид дотроо санал их зөрөлдөөнтэй ажээ.
Хэрэв алтай хэлний таамаглал няцаагдвал Монгол хэл их эртний хэл байх ажээ. Үүнээс үүдэн Хүннү нарын хэлний асуудал ч шинээр тавигдана. Тухайлбал, энэ тохиолдолд, Зөвлөлтийн эрдэмтдийн тайлбарладаг шиг Түрэг, Манж хэл Монгол хэлнээс хамаагүй түрүүнд хэлбэржин хөгжсөн ба Хүннү нар Түрэг хэлтэн байсан, эсвэл одоо сурталчлаад байгаа шиг Хүннү нар нийтлэг алтай хэлтэн байсан гэж үзэх бололцоогүй болно. Хэлний тухай баримтаас гадна, сүүлийн үед Монгол дахь Хүннүгийн үеийн булшаас олдсон хүний ясанд хийсэн антропологийн судалгаа тэдгээр хүмүүс Монголжуу төрхтөн байсан гэдгийг хөдлөшгүй тогтоож байна. Энэ талаар барууны эрдэм шинжилгээний сэтгүүлд хэд хэдэн өгүүлэл нийлэгдсэн байна билээ. Тухайлбал, Индиана их сургуулийн профессор С.С.Беннети, Ф.А.Каестле нарын “Human Biology” сэтгүүлийн 2006 оны 8 дугаар сарын дугаарт хэвлүүлсэн өгүүлэлд дүгнэснээр Монголын Эгийн голын хөндийд оршуулсан хүмүүс генетикийн хувьд Монгол буюу ази төрхтөн гэдэг нь маргашгүй бөгөөд Төв Азид амьдарч байсан Иран гарлын байж болох европ төрхтнүүдтэй холбоогүй байна.
Хүннүгийн түүх судлалд хэн нь мэдэгддэггүй Хүн нарын асуудал болон сурвалж баримт дутдаг зэрэг нь Хүннүгийн түүхийг өөрийн үзэмжээр тайлбарлах нөхцөл болдог. Гэвч, асуудалд улс төрийн сонирхолоор хандаж ирсэн явдал Хүннү судлалд хамгийн том саад болж байгаа юм. Сүүлийн жилүүдэд, ялангуяа ЗХУ задарсны дараагаас, Монгол нутагт төр улсаа байгуулсан эртний ард түмнүүд төдийгүй, Монголын түүхийн талаарх гадныхны тайлбар зарим талдаа хэт түрэмгий шинжтэй болж байгаа нь ажиглагддаг. Үүнээс гадна, Хүннү нарын түүхийг өөрт хамааруулах гэсэн улс төрийн цоо шинэ сонирхол бий болж, Монголд ид хэрэгжиж байна. Тухайлбал, биднээс алс, Хятадын цаана орших далайн эргийн нэгэн үндэстэн Хүннү нарыг өөртөө хамаатуулсан төдийгүй, Монголчуудаар зөвшөөрүүлж эхлээд байна.
Улс төрийн учир шалтгаан бүхий “Хятад-Өмнөд Солонгосын түүхийн дайн” гэгч үйл явдлаар ил болсон Солонгосын түүхийг шинээр бичих үйл явц Монголын түүхийг тайлбарлахад их нөлөөлдөг болжээ. Тухайлбал, 10 гаруй жилийн өмнө эхэлсэн “Мон-Сол” хэмээх Өмнөд Солонгосын санхүүжилттэй төсөл Солонгос үндэстнийг Хүннүтэй холбох зорилготой бөгөөд тус төсөл манай төрийн судалгааны байгууллагуудын дэмжлэгтэйгээр зорьсондоо хүрч байгаа гэнэ. Ялангуяа, Солонгосчууд Монголд оршин тогтнож байсан Хүннү нь олон үндэстний улс байсан гэх онолыг их сонирхож байгаа ажээ. Үүнээс гадна, тус төсөл эртний Солонгосчууд өөрсдийгөө “ертөнцийн төв” буюу бусдаас дээгүүр гэж үздэг байсан гэх одоо шинээр дэлгэрч буй үзэлд түлхэц болох юм.
Өнөөдөр, Алтай хэлний таамгаар дамжуулан Солонгос үндэстнийг Хүннү болон Монголчуудтай холбох сурталчилгаа манай нэгэн алдартай нийтлэлч болон яруу найрагч мэтийн хүмүүс, төдийгүй Монголын төрийн институциудын дэмжлэгтэйгээр хүчтэй явагдаж байна. Тухайлбал, нийтлэлч маань Сөүлд болсон хуралд очиж, Монгол, Солонгос үндэстэн нэг гарвалтай нь тодорхой юм гэсэн илтгэл уншсан байна билээ. Тэрээр илтгэлээ өөрийн “baabar.mn” сайтад байршуулан сурталчилсан байх ажээ. Мөн, өнгөрсөн зун Солонгосчуудын санаачлагаар Улаанбаатарт зохиосон “Алтай язгуурын соёлын хэлтний эдийн засаг-соёлын форум” нэртэй хуралд манай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийхэн Хүннү гүрнийг дан ганц Монгол мэтийн үндэстэнтэй холбох нь үнэнд нийцэхгүй, энэ гүрнийг байгуулахад бусад үндэстэн ч оролцсон байж таарна гэх илтгэл уншсан байсан.
Энд дайруулаад хэлэхэд, Солонгос хэлний үүслийг эрдэмтэд өнөөг хүртэл тогтоож чадаагүй юм байна. Солонгос хэлний үүслийн тухай анхны таамгийг 1800-аад оны сүүлээр Английн хэл судлаач Х.Б.Халберт дэвшүүлж байжээ. Тэр Солонгос хэлийг SOV бүхий өгүүлбэр зүй болон өөр хэд хэдэн ижил төст шинжээр нь дравид овгийн хэл гэж үзжээ. Үүнээс гадна, саяхны Сусуми Оно зэрэг хэл судлаачид Солонгос хэлийг Зүүн Өмнөд Азийн Малай, Индонез зэрэг хэлийг багтаадаг Авсронези хэлтэй холбоотой гэж үзсэн байна. Иймд, Солонгос хэлийг алтай хэлний онолд хамааруулж, улмаар Солонгосын түүхийг Хүннүтэй холбох асуудал тун бэрх юм билээ.
Саяхан, Монголд Хүннүтэй холбоотой нэг үйл явдал болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Хүннү гүрний 2220 жилийн ойг ирэх жил тэмдэглэх зарлиг гаргалаа. Угтаа, Хүннү гүрэн байгуулагдсан ойг тэмдэглэхгүй бол Монголчууд түүхэн агуу боломж алдах нь гэх сайхан сурталчилгааг завсаргүй явуулж буй хэсэг хүмүүсийн санаачлага, шахалт биелэлээ олсон хэрэг. Гэхдээ, манай төрийн тэргүүн яг тулаад ирэхээр шийдвэр гаргахдаа их хаширласан гэнэ. Тэр хүннү нарын түүх маргаантай учраас энэ ойг тэмдэглэвэл өөр үндэстний түүхэн ой болох юм биш байгаа гэж болгоомжилж, эрдэмтдээсээ асуужээ. Цаадуул нь ч ёстой тийм юм байхгүй гэж хэлсэн байна. Ерөнхийлөгч ойг сурталчлаад байсан нөхдөөс асуучихсан юм билээ. Шийдвэр ч гарч бид 2011 онд Хүннү гүрний ойг албан ёсоор тэмдэглэх нь байна. Хүннү гүрний ойг Засгийн газар, БСШУЯ хариуцан зохион байгуулах үүрэг авчээ. Ойг сурталчлагчдын хэлж буйгаар энэ ой ёслоод өнгөрөх үйл явдал биш, хамгийн гол нь олон улсад болон Монголчууддаа түүхийг таниулах гэгээрлийн жил байх гэнэ. Гэвч, бодит байдалд их өөр үйл явдал болж байна. Дээрх сайхан үгийн дор хийж буй тэдний үйлдэл Монголын түүхийг сурталчлан таниулахаас илүү, улам бүдэгрүүлэх, мартуулах чигтэй байна.
Юу хэмээвээс, хэдхэн хоногийн өмнө сонинд мэдээлснээр Хүннү гүрний ойг тэмдэглэхдээ “Хүннү нь олон үндэстний холбоо байсан” гэсэн үзлийг гол баримжаа болгон сурталчлахаар бэлдэж байгаа юм байна. Нөгөө нөхдийн санаа гэнэ. Энэ нь Хүннү нар зэвсгийн хүчээр бусад угсаатан, үндэстнийг нэгтгэж, гүрэн байгуулсан гэсэн утга огт биш, харин Хүннү гэдэг ижил угсаатай бие даасан үндэстэн байгаагүй, зөвхөн нэр байсан гэх санаа юм. Түүхэн сурвалжид Хүннү нар 24 овог аймгаас бүрддэг гэж дурдсан байдаг. Дотроо овог аймаг болж хуваагдах явдал аль ч үндэстэнд байсан, одоо ч байгаа зүйл л дээ. Харин тэдгээр хүмүүс Хүннү нарыг бүрдүүлж байсан 24 овог аймаг нь гарвал ондоо угсаатнууд байсан мэтээр тайлбарлаж байгаа юм. Тэд үүнийгээ баримттай ярьдаггүй. Хэрэв энэ талаар сөхөгдвөл, тэдгээр овог аймгуудыг өөр угсаатан гэдгийг гэрчлэх мэдээ сурвалж байх хэрэгтэй төдийгүй, тэд ямар хэлээр ярилцдаг байсан, хүмүүс нь антропологийн хувьд ямар ялгаатай байв гэхчлэн асуултууд тавигдаж таарна. Миний санахад, өнөөгийн манай түүхчид Хүннү нь олон үндэстний улс байсан гэдгийг баттай ноттой харуулсан зүйл ерөөсөө хийгээгүй. Гэвч, тэд ойн үйл ажиллагааны үеэр Хүннү гүрэн олон үндэстний холбоо байсан гэж олон улсын судлаачдын өмнө тунхаглах гэнэ.
Харин, ойг сурталчлагчид яагаад ингэж ярих болов гэдгийн жинхэнэ учир өнгөрсөн зун МҮОНТелевизээр явуулсан нэгэн нэвтрүүлгээр тодорхой болох шиг болсон. Хүннүгийн түүхийн тухай тэр нэвтрүүлэгт Монголын их, дээд сургуулийн багш судлаачид болон бизнесмэн зэрэг хүмүүс оролцож Хүннүгийн ойг тэмдэглэх талаар сурталчилж байхыг харав. Энэ үед ШУТИС-ийн нэгэн залуувтар эрэгтэй түүхийн багш “Хүннүг далайн хойгийн Солонгосоос авхуулаад Европ хүртэлх улс үндэстэн өөрийн өвөг дээдэс гэж үздэг. Бид Хүннү тэд бүгдийн өвөг дээдэс байсан гэж зөвшөөрье. Тэгээд тэндээс жуулчдыг Монголд ирүүлж, мөнгө олъё” гэж хэлж байх юм. Энэ бол түүхч, судлаач байтугай, наймаачны амнаас ч ховор гарах үг шүү дээ. Харин нэвтрүүлэгт оролцож буй цаадуул нь тэр нөхрийн хэлснийг буруу ч гэж хэлсэнгүй. Харин, хамт байсан нэг хүн түүнийг дэмжих аясаар Хүннү гүрний ойд зориулж олон улсын уран бүтээлчидтэй хамтран уран сайхны кино хийнэ гэдгээ дуулгаж байна билээ.
Үнэн хэрэгтээ, Монголд Гүнжийн Сүхбаатараас өөр Хүннү судлалаар мэргэшсэн түүхч гарч ирээгүй юм. Тэр Хүннүгийн түүхийн гол сурвалж болох тайлж уншихад бэрх эртний Хятад ханз үсгээр бичсэн түүхийн ном судрыг олон жил судалсан байдаг. Түүнд билиг оюун, үл шантрах эрдэмтэн хүний ёс зүй байсан нь харагддаг. Социализмын үзэл суртлын нийгэмд амьдарч байсан энэ эрдэмтэн Монголын түүхийн эх сурвалжийг сургалтын материалд оруулснаас болж 1980-аад онд хэлмэгдсэн юм. Түүнийг ажлаас нь хөөж, судалгаа явуулж бүтээлээ хэвлэх эрхгүй болгож байв. Цаагуураа бол, түүнд дургүйцэгчид, атаархагчид мэргэжил нэгт нөхдийн дунд захаас авхуулаад байсан юм билээ. Тэр хүн арваад жилийн турш хэлмэгдэж явжээ. Харамсалтай нь, доктор Сүхбаатар 1990 он гарсны дараа удалгүй хорвоог орхисон юм. Түүнд эрх чөлөөтэй нийгэмд эрдмийн ажлаа хийх хангалттай хугацаа заяасангүй.
Өнөөдөр, Монгол Улс “олон” Хүннү судлаачтай болж байгаа бололтой. Тэдний тоонд нийтлэлч, сэтгүүлч, яруу найрагч зэрэг хүмүүс ч багтаж байх шиг байна. Түүхийн мэргэжлийн талаар цэгцтэй төсөөлөлгүй тэдгээр хүмүүс Хүннүгийн түүхийг толгой эргэтэл сурталчилж явна. Хүннүгийн талаар судлаагүй, судалж чадах хэмжээнд гэгээрээгүй, угаасаа судалж чадахгүй өнөөдрийн манай түүхчид ч хамгийн хөөрхийлөлтэй аргыг сонгожээ. Тэд ухаанаа уралдуулахын оронд, Хүннү нарын тухай өнөөгийн тэр олон онолууд ямар нэг хэмжээгээр үнэн юм гэх ухааны юм ярьж явна. Зарим нэг нь бүр үүгээр далимдуулж мөнгө олъё гэж ил цагаан мэдэгдэж байх ажээ. Хэрэв эдгээр хүмүүс Хүннү гүрний ойд зориулсан олон улсын хуралд Хүннү судлаач түүхчийн хувиар илтгэл уншиж, судлаагүй, мэдээгүй зүйлээр олон нийтийг төөрөгдүүлэх юм бол энэ нь хууран мэхлэлт, луйвар болж хувирна. Гэхдээ, хамгийн ноцтой нь үүний цаана зарим талаар арьсны үзлийг сануулсан онолоор болон угсаатны төв үзэл сурталчилсан өмнө зүгийхний бодлогоор Монголын түүхийг баримтгүй гуйвуулж, түүнийгээ Монголчуудаар хүлээн зөвшөөрүүлэх явуулга хэрэгжих гэж байна.
Эцэст нь, та бүхэнд 2011 он бол Монгол Улсын тусгаар тогтнолын тэмцлийн 100 жилийн ой гэдгийг сануулъя. Энэ бол одоохондоо биднээс булааж авч амжаагүй түүхэн баримт. Мөн, энэ бол орчин үеийн Монголын эхлэл, Монголчуудыг 1921 оны хувьсгалд хөтлөн оруулсан үйл явдал. Харин, саяхан нэгэн телевизийн сувгийн нэвтрүүлгээр Хүннүгийн ойг сурталчилж байсан “Чингис хаан” дээд сургуулийн нэг багш Хүннү нарын түүхийн дэргэд тэр хорьдугаар зууны хувьсгал юу юм, юу ч биш гэж хашхирч байхыг харлаа (Үнэндээ, энэ дээд сургууль Солонгосчуудтай ойр хамтарч ажилладаг). Түүхийн цаг хугацаа, түүхэн үйл явдлыг ингэж алагчилж болно гэж үү? Түүхч хүнд байж болшгүй зүйл. Түүхч хүний хувьд хамгийн чухал зүйл судалгааны зарчим, мэдлэг, ёс зүй болохоос түүхэн үеийг алагчлах биш юмсан.
Үнэндээ, 1911 онд тусгаар тогтнолыг тунхаглан, түүний төлөө тэмцсэн түүхэн хүмүүс Монголчуудын дунд байсан учраас л өнөөдрийн бид Их Монголын эзэнт гүрэн, эсвэл Хүннүгийн түүхийн талаар ярьж маргаад сууж байна шүү дээ. 1911 оны баатрууд бол биднээс хоёр, гуравхан үеийн өмнөх хүмүүс. Бид ойрхи түүхээ мэдэж ойлгохгүй бол эрт үеийн түүхийн мэдлэг бололцоогүй зүйл. Үзэл суртлын нийгмийн үед 1911 оны түүхийг их бүрхэгдүүлдэг байлаа. Тэр хэцүү үед Л.Жамсран хэмээх түүхч 1911 оны түүхийг зоригтой судалж байв. Харин, энэ хүн түүхийг таниулах гэснээсээ болж Г.Сүхбаатартай цуг хэлмэгдэж явжээ.
Энэ нийтлэлийг бичигч нь Хүннү гүрний ойг 1911 оны тусгаар тогтнолын ойтой зэрэгцүүлэн тэмдэглэж, түүний ач холбогдлыг бууруулахын эсрэг байр суурьтай байна. Энэ нь Хүннү гүрний ойг тэмдэглэх явдлыг үгүйсгэж буй хэрэг огт бус. Учир нь, манайд Хүннү судлаач мэргэшсэн түүхч алга. Гол нь, энэ ойгоор бидний түүхийг гуйвуулж байсан, одоо ч гуйвуулж буй улсуудын түүхчид ирж, өөрсдийн үзлийг манай түүхчдээр хүлээн зөвшөөрүүлж авах нөхцөл бүрдээд байна. Гэвч, төрийн тэргүүний шийдвэр нэгэнт гарсан. Буцааж болохгүй. Иймд, одоо хоёр ойг ямар дарааллаар, хэрхэн зохион байгуулахаа сайтар тунгаах хэрэгтэй болов уу. Ямар ч тохиолдолд үндэсний их баяр наадмыг зөвхөн 1911 оны эрх чөлөөний тэмцлийн 100 жилийн ойд зориулан явуулж, харин Хүннү гүрний ойн тэмдэглэлт үйл ажиллагааг үүнээс тусад нь эрх чөлөөний тэмцлийн ойг бүрхэгдүүлэхгүй байлгахыг хичээн тэмдэглэх нь зүйтэй гэж санана. Хүннү гүрний ойг тэмдэглэхдээ Хүннү судлалд хувь нэмэр оруулсан, үзэл бодлоосоо болж хэлмэгдсэн түүхч Гүнжийн Сүхбаатарыг мартахгүй байгаасай гэж хүснэ.
No comments:
Post a Comment